IT компаниудын барьж буй ирээдүйн орон сууц
Орон сууцны үнэ дэлхий даяар нийгмийн томоохон асуудал болоод байна. Барилгын материалын үнэ өсөж, ажиллах хүчний хомсдол бий болсон энэ үед орон сууцны үнийг бууруулах нэг арга бол "Масс үйлдвэрлэл" юм. Өнгөрсөн зуунд Форд компани машин үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлж, машиныг хүн бүр худалдаж авах боломжтой болгосон шиг, одоо барилгын салбарт ч энэ хувьсгал эхэлж, орон сууцыг зөвхөн барилгын компаниуд л барьдаг гэсэн ойлголт ард хоцорчээ. Сүүлийн жилүүдэд архитектур, барилгын салбарт цоо шинэ тоглогчид хүч түрэн орж ирж байгаа нь технологийн компаниуд болох Tesla болон Samsung юм. Автомашин болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчид яагаад орон сууцны зах зээлд хөл тавих болов? Энэ нь бидний зураг төслийн төлөвлөлтөд ямар өөрчлөлт авчрах вэ?
Эрчим хүчний тусгаар тогтнол: Tesla House
Tesla бол зөвхөн цахилгаан машин үйлдвэрлэгч биш, үндсэндээ эрчим хүчний компани юм. Тэдний санал болгож буй "Tesla House" концепцийн гол цөм нь нарны эрчим хүчний дээвэр, эрчим хүч нөөцлүүр болон цахилгаан машин гэсэн гурвалсан системд оршдог.
SpaceX-ийн пуужин хөөргөх талбайн хажууд байрлуулж олны анхаарлыг татсан Boxabl компанийн модуляр байшингийн хамгийн том онцлог нь "Эвхэгддэг" технологи юм. Үйлдвэрт угсарсан байшингаа эвхэж чингэлэгт багтаан тээвэрлээд, газар дээр нь хайрцаг задлах мэт дэлгэж угсардаг байна. Хэдийгээр одоогоор дизайн болон үнийн хувьд сул талтай байгаа ч, орон зайг тээвэрлэх технологийн хувьд маш том дэвшил юм. Уламжлалт барилга нь эрчим хүчний хувьд зөвхөн "хэрэглэгч" байсан бол, Tesla-ийн орон сууц нь өөрөө эрчим хүч "үйлдвэрлэгч" бөгөөд илүүдэл эрчим хүчээ худалдах боломжийг үүсгэж байгаа юм. Архитекторуудын хувьд энэ нь барилгын дээврийн дизайн, нар тусах өнцөг, мөн батарей болон инвертер байрлах техникийн өрөөний төлөвлөлтийг цоо шинэ түвшинд авч үзэх шаардлагыг бий болгож байна.
Орон зайн ухаалаг экосистем : Samsung
Харин Samsung-ийн хувьд барилгын орон зайг бүхэлд нь холбосон ухаалаг экосистем (SmartThings IoT Ecosystem) бүтээхэд төвлөрч байна. Тэд саяхан барилгын компаниудтай хамтран ухаалаг орон сууцны бодит төслүүдийг танилцуулсан. Тэдний хувьд зүгээр нэг урт нарийн чингэлэг биш, харин уламжлалт орон сууцны зохион байгуулалттай (2 унтлагын өрөө, том зочны өрөө) маш тохилог, тансаг орон зайг үйлдвэрт угсарч гаргаж чадсан юм. Чанарын хувьд өндөр зэрэглэлийн зочид буудал шиг хэрнээ, үнэ нь энгийн барилгаас хамаагүй хямд тусах боломжтойг харуулсан. Хүмүүсийн амьдралын хэв маягийг өгөгдөл (Data) дээр тулгуурлан судалж, гэрэлтүүлэг, температур, агааржуулалтыг автоматаар тохируулдаг "амьд организм" шиг ажиллахад төвлөрөн хөгжүүлэлтээ хийсээр байна. Архитекторууд бид зураг төсөл гаргахдаа зөвхөн физик орон зайг төлөвлөхөөс гадна, мэдрэгчүүд болон дэд бүтцийг интерьер дизайнтай хэрхэн ухаалгаар нэгтгэх вэ? гэдгийг бодох эрин үе ирснийг харуулж байна.
Архитекторуудад өгөх дохио ба Ирээдүйн чиг хандлага
IT компаниудын энэхүү шилжилт бидэнд одооноос ойлголтоо өөрчилж, архитектор хүнч бас IT-гийн хөгжлийг алхам тутамд хянаж байхыг шаардахын зэрэгцээ ирээдүйн орон сууц бол хүн амьдардаг "том хэмжээний ухаалаг төхөөрөмж" болох бөгөөд ялангуяа Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, эрчим хүчний хэмнэлт болон дулааны алдагдал хамгийн чухал асуудал болдог бүс нутагт эдгээр технологийн шийдлүүд нь цаашдын архитектурын хөгжлийн гол түлхүүр байх болов уу. Хэрэв бид эрчим хүчний бие даасан байдал болон дэд бүтцийн асуудлаа шийдэж чадвал, модуляр систем нь хотоос гадуурх суурьшлыг нэмэгдүүлэх төгс шийдэл байж магадгүй юм.
Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй.
